Windows-ийн оронд Ubuntu-г сонгох шалтгаанууд

Монголд Linux-ийг хэрэглэгчид тийм ч цөөнгүй, бас суулгаж сонирхож байсан хүмүүс ч нэлээд олон болов уу гэж бодогддог юм. Гэсэн ч Windows-ээс бүх нийтээрээ татгалзаж өгөхгүй байгаагийн шалтгааныг 

  • А. Linux тархацаа оновчтой сонгоогүй 
  • Б. Тууштай хэрэглэдэггүй, шантардаг 
  • В. Windows-тэйгээ адилтгаж үзэх, үгүйлэх 
  • Г. Дассан, зуршсанаасаа салах, шинэ зүйлийг хүлээн авахдаа хойрго зан чанар зэрэгтэй холбож үзэж байна.


За ингээд Windows-ийн оронд Ubuntu-г сонгох шалтгаануудыг тоочъё.


  • Ubuntu бол бусад Linux тархацуудын нэгэн адил үнэгүй чөлөөтэй юм. Зүгээр л интернэтээс чөлөөтэй татаж аваад дискэнд бичээд л шууд ашиглах боломжтой.
  • MS Office зэрэг програмуудыг худалдаж авах шаардлагагүй болно. OpenOffice ба бусад програмуудыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
  • Одоо хэрэглэж байгаа компьютерийнхээ хүчин чадлыг сайжруулах албагүй. Windows-ийн шинэ хувилбарууд таныг бараг л шинэ компьютер худалдаж авахад хүргэдэг. Ubuntu нь маш бага хүчин чадал шаарддаг учраас таны хуучин компьютерт шинэ амьдрал бэлэглэх болно.
  • Ubuntu бол илүү тогтвортой, алдаа багатай, хурдан шинэчлэгддэг. 6 сар тутамд Ubuntu-гийн шинэ хувилбар гарч байхад Windows-ийн шинэ хувилбар хэдэн жилээр хүлээгддэг.
  • Вирус гэж санаа зоволтгүй болно. Цөөн хэдэн вирус илэрдэг ч тэдгээр нь сүйдтэй хор хөнөөлгүй. Тиймээс вирусны эсрэг Norton, Kaspersky зэрэг програм худалдан авах шаардлагагүй. Вирусны эсрэг програм ажиллуулахгүй учраас компьютер чинь хөнгөхөн ажиллах болно.
  • Монгол хэлийг бүрэн дэмждэг. Windows-ийн хувьд өөрөө монгол үсгийг дэмждэг ч гэлээ дээр нь ажилладаг ихэнх програмын хувьд монгол үсгээр бичнэ гэдэг "гонжийн жоо" байдаг. Тэгээд л монгол гарын драйвер суулгаад.. түүнийг нь дагасан бөөн асуудал босч ирдэг шүү дээ.
  • Update Manager гэдэг ганцхан програмаар л бүх шинэчлэлтээ хийчихнэ. Гэтэл Windows-ийн хувьд програм бүрийн шинэчлэлт тусдаа байдаг шүү дээ.
  • Хулгайн програмуудаас ангид байх болно. Бүх програмуудыг нь хуулийн ёсны дагуу үнэгүй ашиглах болно.
  • Шинэ програм олж авахын тулд эрэл сурал болох шаардлагагүй. Ubuntu Software Center-т мянга мянган програм байдаг.
  • Зөвхөн Windows дээр л ажилладаг үнэхээр чухал хэрэгтэй програм байвал Wine, Virtualbox зэрэгт суулгаад ашиглах бүрэн боломжтой.
  • Хэдийгээр тоглоом цөөтэй ч гэлээ байгаа хэд нь бас л чөлөөтэй. Бас хайртай тоглоомоо дээрхийн адил Wine-даад тоглосон ч болно л доо.
  • 4 desktop-той учраас олон цонхны дунд төөрч будилахын зовлонг эдлэхгүй. Бас дажгүй визуал эффектүүдтэй.
  • Таны компьютер өдрөөс өдөрт удааширсаар л байна уу? Тэгвэл ийм зүйл Ubuntu-д байхгүй.
  • Windows хэрэглэгчид системийн хурдаа багасгахгүйн тулд байсхийгээд л Defragment хийхлгэдэг бол Ubuntu-гийн хувьд үүнийг үүрд мартана.
  • Ubuntu хэрэглэгчид бие биедээ найрсгаар хандаж, уриалгахан нь аргагүй тусалдаг. Элдэв төрлийн зөвлөгөө, заавар интернэтэд хангалттай их байдаг. Харин Windows-ийн хувьд худалдаж авсан мөртөө л ихэнх зүйл нь хаалттай байдаг. Тулгарсан асуудлаа шийдэж чадалгүй орхих үе бишгүй л байдаг.


За үүнээс өөр шалтгаанууд ч бас бий л дээ. Энд олон нийтэд хамаарах нийтлэг хэдийг нь л дурдлаа.

Ubuntu-г хэрэглэж байгаагүй бол сонирхоод үзээрэй. Хэрэглэж байгаа бол битгий шантарч буцаарай.